

Гэрийн цэвэрлэгээг хялбаршуулах энгийн аргууд
Дараах алхамуудыг хэрэгжүүлснээр та өөртөө болон гэр бүлдээ чанартай цаг гаргах боломжтой болно. Туршаад л үз.
1. Ил тавиур ашиглахгүй байх
Ил тавиурууд таны цэвэрлэгээний ажлыг хэд дахин нэмэгдүүлдэг гэдгийг туршлагатай эзэгтэй нар сайн мэднэ. Манайх шиг тоосжилт ихтэй оронд тавиурууд дээр маш их тоос хуримтлагддаг. Гэрийн тохижилтын зургууд дээр өхөөрдөм жижигхэн зүйлстэй тавиурууд дажгүй харагдах боловч бодит байдал дээр бэлгэнд ирсэн, аялалаас авсан бэлэг дурсгалын зүйлсийн тоосыг арчихын тулд та маш их цаг зарцуулах хэрэгтэй болдог шүү дээ.
2. Бүлэглэх
Эмх замбараагүй байдлаас сэргийлэх өөр нэг арга бол бүлэглэх. Ахуйн жижиг зүйлсээр дүүргэсэн ижил хэв маягийн хайрцаг эсвэл сагс нь тавиурууд дээр байрлуулсан олон жижиг зүйлсээс хамаагүй цэгцтэй харагддаг байна. Өрөө бүрт тохирох хайрцагууд таны цэвэрлэгээг хамаагүй хурдан болгоно. Өмнө дурьдсанчлан танайх ил тавиуруудтай бол хайрцаг ашиглахыг зөвлөе.


3. Байсан юм байрандаа.
Энэ маш чухал. Гэрт байгаа бүх л зүйлийг өөр өөрийн байршилтай болгох нь таны ажил. Харин байсан байранд нь буцааж тавих нь гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг юм. Аяга авч хэрэглэсэн бол буцаагаад хураадаг. Хувцас авч өмссөн бол буцаагаад байсан байранд нь хурааж хэвшвэл таны эхлэл төгсгөлгүй гэрийн ажлын тэн хагас нь хасагдана. Маш энгийн. Байсан юм байрандаа зуршлийг гэр бүлээрээ хэрэгжүүлээд үзээрэй.

4. Хоёр хайрцагны дүрэм
Одоо харин цэвэрлэгээгээ хийе. Та цэвэрлэгээгээ хийхдээ 2 хайрцаг ашиглаарай. Нэг нь хаях зүйлээ хийж явах бол нөгөө нь байранд нь тавих зүйлсээ хийж явах юм. Ингэснээр та нэг тоглоом барьж нөгөө өрөө рүү, нэг оймс авч угаалгын өрөө рүү явах шаардлагагүй болох бөгөөд цэвэрлэгээ дууссаны дараа бүх өрөө рүү нэг нэг удаа ороход хангалттай.

5. Цэвэрлэгээний багажуудаа гарын дор авч явах
Та цэвэрлэгээ хийхэд ашигладаг бүх алчуур, цэвэрлэгээний бодисууд, жижиг хэрэгслүүдээ цуглуулаад хайрцагт эсвэл бариултай хувинд хийчих. Цэвэрлэгээ хийх явцад зүлгэх, хусах, толбо арилгах, наалдсныг салгах, салсныг наах гээд олон төрлийн асуудалтай тулгардаг шүү дээ. Тэр бүрт бэлэн байх нь таны цагийг гарцаагүй хэмнэнэ. Туршаад л үз.

6. Хааяа хэрэглэдэг эд зүйлсээ далд хий.
Бид жил бүр багадаа 4 удаа гэр дотроо томоохон нүүдэл хийдэг гэхэд хилсдэхгүй. Улирал солигдох бүрт гутлын шүүгээ, хувцасны шкабнаас эхлээд бүгдийг нь хурааж, далд хийснээ гаргаж ирэх хэрэгтэй болдог. Та энэ үеэр ойрын хугацаанд хэрэглэхгүй зүйлсээ зоригтой далд хий гэж хэлмээр байна. Хүүхдийн чарга зун хэрэггүй бол зайрмаг хөлдөөгч өвөл огт хэрэггүй гэх мэт. Ингэснээр та хэрэггүй эд зүйлс эмхлэх шаардлагагүй болох ба зөвхөн тухайн улиралдаа тохирсон цөөн эд зүйлс цэвэрлэх болно.

7. Цэвэрлэгээг дээрээс эхэл.
Маш энгийн. Та цэвэрлэгээгээ эхлэхдээ таазнаас зүүгдсэн гэрэл, ханын цаг гэх мэт дээрээс доош чиглэлд эхлээрэй. Дараа нь тавиурууд, цонхны тавцан, тавилгууд эцэст нь шалны тоосоо соруулж, чийгтэй цэвэрлэгээ рүү шилжээрэй. Шалаа угааж дуусаад тавилганы дээд талын тоос арчвал танд дахин тоос соруулах ажил нэмэгдэх вий.
8. Арван минутын дүрэм
Та буйдангийн завсар орсон талхны үйрмэг, хүүхдийн гутал доторх элс гэх мэт дараа заавал хийж л таарах ажлыг битгий алгасаарай. Иймэрхүү жижиг цэвэрлэгээг хийхгүй үлдээвэл дараа нь илүү их цагийг зарцуулах хэрэгтэй болдог.

.jpg)
_17676_1566298809.jpeg)






